ЭСЯ нь суугаа оронд онцгой байдал үүссэн үед БНСУ-ын зарим байгууллагатай
хамтран ажиллах тохиролцоотой. Энэ тохиролцооны дагуу Солонгост амьдарч буй
өөрийн орны иргэдийн аюулгүй байдлыг хангах, сонор сэрэмжтэй холбогдолтой
мэдээлэл өгөх шилжин байршуулах арга хэмжээг авах үүрэгтэй.
Байдал хүндрэх тохиолдолд БНСУ-ын ГХХЯ болон хүчний байгууллагуудаас
туслалцаа дэмжлэг авч бусад орны Дипломат Төлөөлөгчийн Газруудын нэгэн адил
өөрийн иргэдийг нутаг буцаах нэгдсэн төлөвлөгөөг ханган ажиллана.
Харин энэ зорилгыг биелүүлэхэд БНСУ-д байнга болон түр хугацаагаар оршин сууж
буй өөрийн орны иргэдийг нэгдсэн бүртгэлд оруулах шаардлага байдгийн дагуу
бүртгэлийг хийдэг. Иргэд БНСУ-д оршин сууж буй газрын хаяг, холбоо барих
утасны дугаар зэргийг ЭСЯ-нд өгч бүртгүүлэх шаардлагатай байдаг.
Энэ нь суугаа оронд онцгой байдал зарлах тохиолдолд иргэдтэйгээ яаралтай
холбоо барих, урьдчилсан байдлаар мэдээлэл хүргэх, тухайн үед биеэ хэрхэн
авч явах талаар зааварчилга өгөх боломжийг өгөх юм.
Онц байдал /дайн, мөргөлдөөн/-ын журам улсын нууцын зэрэглэлтэй байдаг болно.
Онц байдал ба Хэвлэл мэдээлэл
БНСУ-ын Онцгой байдал тогтоох тухай 2008 оны 2 дугаар сарын 28-нд
шинэчлэн найруулсан хуулинд зааснаар дайн, олон нийтийг хамарсан онц ноцтой
байдал, гамшгийн үед иргэний засаг захиргааны шугамаар улс орон, тухайн хот,
бүс нутгийн байдлыг бүрэн зохицуулах боломжгүй нөхцөлд тус улсын
Ерөнхийлөгч Онц байдлыг хэсэгчилэн болон улсын хэмжээнд тогтоож,
үүнийг зохицуулах онц эрхийг Онц байдлын штабт олгодог.
Энэ штаб онц байдал зарлагдсан тухайн нутаг дэвсгэрт нийгмийн хэв журмыг
сахиулах болон бусад бүх үйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд тогтоосон
хэв журмыг зөрчсөн, олон нийтэд аюул занал, хор хөнөөл учруулах зэрэг
12 төрлийн /үндэсний аюулгүй байдалд харшлах бүх төрлийн гэмт хэрэг,
батлан хамгаалахад саад учруулах гэмт хэрэг, гадаад харилцаанд хор хөнөөл
учруулах гэмт хэрэг, тэсэлж дэлбэлэх, хорлон сүйтгэх гэмт хэрэг, үндэсний болон
гадаад валютын гэмт хэрэг г.м./ гэмт хэргийг цэргийн шүүхийн шугамаар
шийдвэрлүүлдэг байна.
Мөн дээрх штабаас онц байдалтай холбогдуулж гаргасан бүх төрлийн мэдээллийг
төв, орон нутгийн үндэсний болон хувийн хэвшлийн зөвшөөрөл бүхий бүх радио,
телевиз, мэдээллийн агентлагуудаар дамжуулан ард иргэд, олон нийтэд шуурхай
мэдээлж, сонордуулдаг юм байна. Үүнээс гадна хүмүүс олноороо байрласан
газруудад штабын мэдлийн тусгай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг ч ашиглаж болдог аж.
Харин олон нийтийг төөрөлдүүлэх, сөрөг мэдээлэл цацагдахаас сэргийлж,
штабын зүгээс онц байдлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулж буй
нэвтрүүлэгт шаардлагатай гэж үзвэл хяналт тавьдаг байна.