Нийтэлсэн Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)   

serdamba_“Бээжин-2008”  Зуны Олимпийн XXIX  наадмын боксын 48 кг-ийн жингийн медалийн төлөөх тулаанууд дөнгөж сая явагдлаа.
Манай ОУХМ, Азийн аварга Пүрэвдоржийн СЭРДАМБА Тайландын боксчин, дэлхийн аваргын хүрэл медальт Амнат Руенроенгтой хүч үзлээ. Манай боксчин тоглолтын эхнээс санаачилгыг авч, тун хянуур , зөв тактик сонгож тоглолоо. Сэрдамба маань эхний оноог аван урамтай эхлэв. Энэ раундад онооны харьцаа дахин өөрчлөгдсөнгүй ээ. Хоёрдугаар үед хоёр боксчин хэн хэнээсээ оноо салгаж чадсангүй, 0:0-ээр өндөрлөж , манай хүн 1:0-ээр хошуучилсан хэвээр үлдэв. Ер нь Сэрдамба хурдаар илүү, отож байгаад оновчтой цохилт хийх тактик барьсан нь тун зөв байлаа. Гуравдугаар раундад манай боксчин дахин хоёр оноо авч, Тайландын боксчин ганц ч оноо авч чадсангүй. Нийт оноо 3:0 боллоо. Одоо ганцхан раунд үлдэв. Мэдээж энэ 120 секунд Сэрдамбад маань хэдэн цаг шиг санагдаж байсан бол Тайландын боксчинд харваад өнгөрөх мэт бодогдсон биз. Хамаг байгаа чадлаа шавхан Тайландын боксчин довтолж нэг оноо авлаа. 3:1. БОлгоомжтой байхгүй бол... Гэвч Сэрдамба маань ер сандарсангүй сөрөг цохилт хийн 4:1 болголоо. Онооны зөрүү хэвээр.

serdamba_2Тайланд бол олон сайн боксчинтой орон. Энэ тоглож буй тамирчин ч дэлхийн аваргын хүрэл медальтай хүн. Тэрбээр дахин довтолж нэг оноо аван онооны зөрүүг багасган 4:2 болголоо. Одоо л жинхэнэ ухаантай тактикийн тоглолт хийх хэрэгтэй. Оноогоо нөхөхөөр дайрч хамгаалалтаа задгайлсныг нь ашиглаад манай хүн оноогоо бас нэгээр ахиуллаа. Уухай, манай боксчин Сэрдамба яллаа. Монголын багийн дөрөв дэх медалийг ийнхүү СЭРДАМБА авчрах нь тэр ээ. Одоо үүндээ ханж болохгүй ээ . Цаана нь мөнгөн медалийн, цаашлаад алтын төлөө тоглолт гэж бий.

Наймдугаар сарын 22-ны орой 19 цагаас (Бээжингийн цагаар) манай хоёр боксчин мөнгөн медалийн төлөө “тулаанд” гарна. Эхлээд  П.СЭРДАМБА Кубын боксчин Ямпьер Эрнандестай хүч үзэх бол үүнээс хоёр тоглолтын дараа Э. БАДАР-УУГАН  Молдавын Вячеслав Гоянтай рингэнд гарна.

Монголын тамирчид маань “Бээжин-2008” олимпийн наадамд үнэхээр сайхан амжиллтай оролцож байна. Ялангуяа боксын тамирчид бол бахадмаар сайхан амжилт гаргалаа. Манай дөрвөн “ширэн бээлийтэн” оролцсоноос хоёр нь медалийн төлөө үлдэж, нэг нь медалийн төлөө тоглоод ялагдаж, үлдсэн нэг нь шөвгийн наймд үлдэхийн төлөө Кубын боксчинд ганцхан оноогоор ялагдсан.

Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)

profile