Манай зарим бүсгүйчүүд, бас цөөнгүй эрчүүд  гадаад хүнтэй гэр бүл болсон нь сайн хэлэгддэг нь бий ч ихэвчлэн муу үгний бай болох юм даа. Онлайн сонин, вэбсайт, блогууд дээрх ийм сэдэвтэй холбоотой сэтгэгдлүүдийг хальт харахад л ойлгомжтой. Хоёр хүн сэтгэл нийлээд суувал хүний өөрийн ялгаа юу байхав дээ гэж би боддог юм. Энд нилээд хэдэн жил болж байгаа  миний нэг найз саяхан бас л ийм сонголт хийлээ. Тэгэхдээ юм гэдэг учиртай гэдэг биз дээ.

Анхны гэрлэлт нь бүтэлгүй болж архинд дуртай агсан нөхрийнхөө гарын чилээг хэдэн жил гаргаж байсан тэрээр монгол эрчүүдийн талаар үнэлэмж муутай нэгэн. Тэгээд хэдэн жил нэг америк хүнтэй үерхэж үзсэн нь ч сэтгэлд нь хүрээгүй, тэс өөр хүмүүжил, дадал заншилтай хүмүүс яаж амархан ижилдэж эвээ олох вэ дээ. Сүүлдээ ярианы нь өнгө "наашилж" сайн муу ч монгол хүнтэйгээ ханилах юмсан, хүйтэн хөндий хувиа хичээсэн гадныхныг бодвол гэр бүлсэг гээд л ярина. Тэгээд хэдэн сарын өмнө нэг залуутай мессенжерт " тааралдаад" харилцаж эхэлжээ.

Эндээс нилээд зайтай Колорода мужид амьдардаг түүнтэй орчин үеийн харилцаа холбооны бүх технологийг ашиглан харилцаж  интернет, утас, бүр шуудангаар ч бэлэг илгээлт солилцох болов. 

Газар зүйн байрлалыг үл харгалзан дотносож хоёр биендээ хайртай болон кибер ертөнцийн хосуудын тоог нэгээр нэмжээ.

Манай найз бид хоёрын хувьд бараг хувийн нууц гэж байдаггүй харин "хамтын" нууц гэж байдаг юм. Нэг хотод ч өөр газар амьдардаг, ажил маань бас тусдаа тул долоо хоногтоо л уулзалдаж байвал их юм, харин өдөр болгон утсаар ярина.

Түүний  гэрэлтэн гийх нүд, баясгалантай инээмсэглэсэн царай, итгэлтэй цовоо дуунаас би үнэхээр аз жаргалтай байгааг нь  мэдэрдэг байлаа. Залуугийн  наашаа шилжиж ирэх ёстой гуравдугаар сарыг тэсгэлгүй хүлээж байсан найз маань долоо хоногийн өмнө утасдаад маргааш Клемент гудамжинд байх энэтхэг зоогийн газар хүлээж байя гэж нэг л бөглүү дуугаар хэлээд хариу хэлэхийн завдалгүй утсаа тасалчихав. Эргээд залгасан чинь аваагүй, тэгээд ч ажил энэ тэр гээд дахиж утасдаж чадсангүй.

Тэнд бид хоёр хааяа хооллох дуртай, гудамж руу харсан өргөн цонхны дэргэдэх булангийн ширээнд суугаад хоолны даруулга болгон ганц хоёр лааз пиво уунгаа намуухан эгшиглэх хийлийн аялгууг сонсон, цагаар ч хамаагүй чалчин суудаг байв. Өдрийн цагаар хүн цөөтэй  чимээ шуугиангүй, байсан ганц нэг нь бид хоёрын яриаг үл ойлгох тул юу ч ярьсан чөлөөтэй.

Маргааш нь бага зэрэг бороо шивэрсэн бүрхэг өдөр болж тохирсон ёсоороо яваад очвол найз маань нөгөө ширээндээ нилээд бодлогошронгуй царайтай сууж байснаа намайг ойртоод очиход толгой өргөн харахад   харц нь их шаналангуй бас нүд нь нулимстай ч байх шиг.

Хоолоо захиалаад ойр зуурын юм ярингаа түүнийг ам нээхийг хүлээж байлаа. Удалгүй хоол авчирч өгсөн ч тэр их дурамжхан идэж харин пиво балгаснаа  яриагаа эхлэв. Нөгөө үхтлээ дурлаад, итгэж найдаад насны ханиа оллоо гээд байсан залуу нь тэндээ өөр хүүхэнтэй, тэрэнтэйгээ  хамт амьдардаг гэдгийг хүнээс сонсоод асуутал үнэн байжээ.

Найзын маань яриа үе үе тасалдаж нүдэнд нь нулимс мэлтрэн ирэхэд унагаахгүйг хичээн буцаан шингээхийг оролдовч бөмбөрсөөр , дуу нь намсан ямар ч хөггүй хөгжим мэт нэгэн хэмээр үгээ зөөн хэлэх нь үнэхээр гунигтай.  Үнэн голоосоо итгэж явсан хүн итгэл эвдэн  урваж одоход нүцгэн духаараа чулуун хана мөргөх адил болдгийг   үзсэн би түүний сэтгэл зүрх ямархуу байгааг мэдэж байгаа ч юу хэлэхээ бодон суулаа.

Хэсэг хугацааны дараа  нэгэнтээ гүнзгий санаа алдаж "монголын сайхан эрчүүд  нэг бол гэр бүлтэй, эсвэл хуурамч  юм бол харийн хүнтэй ханилсан ч яахав дээ"  гэж шийдэмгий дуугаар хэлээд шилэн аяганд үлдсэн пивоо нэг амьсгаагаар ууж дуусгав.

Тэгээд цүнхээ мөрөндөө углан ширээнээс босож "дараа тухтай уулзъя даа, чи хүргүүлэх үү" гэлээ. Түүний сэтгэл санааны тавгүй байдал надад дамжин далдын нэгэн түгшүүр төрүүлж үгүй ээ би өөрөө харьчихна, чи яв даа гэхэд тэр гарч одлоо.

Ийм шийдвэр гаргахад  нөлөөлөх зүйлүүд мэдээж байсан, тэгэхдээ би юу ч хэлж зөвлөөгүй. Тэр хүний амьдрал юм чинь өөрөө л шийдэж шийдвэрийнхээ үнэн зөвийн хариуцлагыг хүлээх ёстой биз. Харин дараа нэг тухтай ярья даа гэж бодоод цонхон дээр тавьсан цүнхээ  авах гээд хартал гурван жил түүнтэй найзалж байгаад монгол залуугаас болж хаягдсан Майклын хар машин рестораны өмнөх зогсоолоос хөдөлж   өглөөний шиврээ бороонд норж улам бараантсан зам дээр баруун гар тийш эргэх  дохио өгөн уулзвараар гараад давхиж одохыг харав...

profile