usaborder.jpgМонгол улс гэсэн үнэмлэхээ гаргаад
Хилийн байцаагчийн дэргэд очихдоо
Хэний ч өмнө нэртэй
Хаана ч үзүүлэх баримттай
Хаан Чингисийн удам гэж бодож зогслоо
Нүүрэн дээрх улсын минь нэрийг
Гүйлгэж нэг хараад
Гүйцээж хуудсаар нь эргүүлж
Гартаа барин босч ирээд
Хөлөөс минь толгой хүртэл
Хөшсөн биеийг минь шинжээд
Толгойноос хөл рүү дагуулан
Төрсөн биеийг минь ширтээд
Тогтож нүд рүү эгцэлж
Дохиж ирээд нааш ир гэлээ
Дагаад яв гэж зангаж
Даллаад намайг дуудав
Хэлсэн бүхнийг биелүүлэх
Хил гэдэг хэмжээ юм
Хэнийг тэд улсаа нэвтрүүлэх
Хэрхэн тэрслэгчээ танихаа
Хаанаас яаж шалгахаа
Харцнаас юу ажиглахаа ч
Андахгүй мэдэх хилийн байцаагчид
Ажилаа хийж байгааг мэдлээ ч
Зорьсон газрын хөрсөнд нь хөлөө
Зоосны эх оронд мөрөө
Зовлогон биенээсээ муу хөлсөө
Өчүүхэн ч гэсэн гаргаж чадалгүй
Гаргасан зардлаа эргэн нөхөх
Зах зээлийн хуулинд арчигдах гэж үү
Гэр орноо өөд татах гэсэн
Зоосныхоо ихэнхийг энд шатаах гэж үү
Үйлдвэр нурсан миний монголоос
Үлгэрийн сайхныг мөрөөдөж гараад
Үдэлтийн дуу ч чихнээс холдоогүй байхад
Үнсэн царайлан буцах гэж үү
Элдвийн зураглалтай ном шиг
Эргүү зузаан бодлууд толгойноос
Нуух шиг нүднээ үзэгдэж
Нүүр улсхийн мэнэрч суулаа
Хэрхэхийг тэнгэр бурхан мэднэ
Хэмжээгээ даган хүлээхээс яахав
Од гаригтай дамнан хэвтсэн
Олон цагийн аялалын уртад
Онгоцны бүхээгт үлдсэн хөөрөл
Огт үгүй салхинаа туугдлаа
Инээгээд асуувал толгой дохиод
Мэрийгээд асуувал мөрөө хавчаад
Миний хэл нэвтрэхгүйг ойлгов уу
Асуух зүйл аажимаар багасч
Арваад цаг хүлээлгийн өрөөнд
Амсах ус, идэх хоол ч үгүй
Айдасаар бүхнээ мартаж
Ар гэрийнхэнээ л нүдэндээ харсаар суулаа
Их удалгүй миний тээшийг авчирахад
Ингээд л гэж бодон нулимс ойртлоо
Нутгаа зорих сайхан ч гэлээ
Нийгмийнхээ гадна үлдэх хэцүү
Нийтээр амьдрал муудах энэ л үед
Нулимс ч багадах зовлон тэр ээ
Бурхандаа залбирах ганц л зам
Бүлтгэр үрсийн минь заяа түшээрэй
Мэддэг мааниа амандаа бувтнаж
Маргаашаа нүдэндээ зуран суухдаа
Элий балай дүлий мэт
Эв хавгүй болж орхилоо
Энэн дээр нэмрээс өгч
Эдгээр ажилтны хоёр эмэгтэй
Насаар харвал ойролцоо
Зүслэж харваас хар цагаан
Зүрхэнд мэс засал хийхнэ үү
Зэрэгцэж ирээд резинэн бээлийгээр хослож
Зааж байгаад миний тээшийг онгойлгон
Замбараа зайгүй авч шидлээд
Ширээн дээр овоолон
Ширхэг ширхэгээр нь үзэж байлаа
Хар тамхи надад байх биш
Халуун дулаан гэр бүлийн минь цомог л байна
Хүйтэн зэвсэг бид агсах биш
Хөөрхий гэр бүлийн минь цомог л байна
Хөсөр хаяах мэт шидлээд
Хөхөрч инээх та нар хэн бэ
Хүний эрх дээдэлдэг Америк биш үү
Хэнийг та нар доромжлоов
Буцлаа ч би муугаа үзүүлэх ёсгүй
Буурай хөгжлөө нялзаах хэрэггүй
Өнөөдөр би үхчихээгүй бол болно
Өнчирч бид салаагүй байхад амьдранаа гэж
Өөрийгөө зоригжуулан босч
Өмнө мэддэг байсан ганц хоёр үгээ
Эвлүүлж байгаад ,Би ядарч байна, гэж хашгирлаа.
                                                       Га. 2006 он
Үргэлжлэл
Нутаг нэгтнүүддээ хүний газар уулзах
Нулимс дэрлээд сэтгэлд ойрхон
Нэг нэгнээ бараадан ирэх
Нууцхан гэгэлзээд санаа тайван
Алсын замд айсан түгшүүр
Аяндаа онгойгоод суудал зөөлөн
Агаар уужуухан цээжээр нэвтрээд
Америк орон нүднээ тусна
Дөнгөж ирсэн ахаас нутгийн сонин сонсьё
Дөрөө мулталж богцоо задлаач
Дорно монголынхоо амьдралыг мэдье
Дотор сэтгэлээ онгойлгоё гэж
Өөрийн орны идээг шагшиж
Өр зүрхнийхээ уяаг тайлж
Ууж бид танилцацгаав
Сууж бид ярилцацгаав
Ахаа та одоо амар
Айдагаа авдарандаа хийлээ
Америк орон сайхан
Ажил олно гэж зоволтгүй
Амжуулах ажлын эхэнд
Бичиг баримт олж ав
Бид туслана гэх
Элэг нэгтний үгэнд баясч
Ингэсхийгээд ор ор руугаа дөхлөө
Нойр хулжиж хэвтэхдээ
Нууцаар тэмдэглэлээ гаргаж
Нэгэнт энд ирсэн байхад
Аяндаа биелэх зүүдээ бодон
Алдаа хөөрөөнд шингэсэн
Ар нутгийн хүүхдүүдийн яриагаар
Алаглуулан цоохлож дэвтэртээ
Амжуулж буулгасныг дор өгүүлнэ
Америкт амьдрах гадныхан
Айж ичих зүйлгүй
Амар тайван гэнэ
Гадуур дотуур гарч орох
Гудамж талбайд гишгэх нь чөлөөтэй
Хот дотор, хурдны зам дээр
Хүссэн машинаа барьж болно
Хөдөлгөөний дүрэм зөрчвөл
Хариуцлага хүлээх нь илэрхий
Харлаж амьдрах этгээд үү
Хууль ёсны цагаач уу
Хэн нь ч илүү зүйл шалгахгүй
Алдаанд чинь тохирсон хэм
Аалинд чинь таарсан харьцаа
Амьдралд нийцэх шийтгэл
Анхных бол өршөөнө
Арав бол шүүнэ
Асуултаар чамайг зовоохгүй
Бүх л зүйл комьютерт
Бичиг баримтын дугаараар
Бүрэн мэдээлэл комьютерт
Алдахгүй явах хэмжээг чинь
Аяндаа заагаад өгнө
Хөгжил гэж сайхан юм
Хүнийхээ төлөө л үйлчилдэг
Хуулийнхан нь ч тэр
Хялааж иргэнийг харахгүй
Хамар дорхи хагархайгаар
Харааж дорд үзэхгүй
Амьдралд ямар явахыг чинь
Алагчилж хуулиар тулгаагүй
Хүн ёсоор харьцаж
Хүчний байгуулга нь
Хууль дүрмээ сахиулахдаа
Хүнийхээ эрхийг л дээдэлдэг юм байна
Ард олон нь ч ад шоо үзэж
Агаар усаа булаацалдахгүй
Гадныхан байна гэж гадуурхахгүй
Гар хөл болсонгүй гэж шоовдорлохгүй
Нутаг усаар хүнийрхэхгүй, нийгмээ дээдэлсэн
Нийтэч сайхан ард түмэн юм
Аргагүй л эрх чөлөөний гүрэн
Агуу том америк орон
Хүн бүхний хүсэл оршихоос яахав
Хүж дэлхийн зүүд гэхээс яахав
Ийм л орон доо гэж
Их удаан ярих залуугийн
Аманд орох шахлаа
 Алмайран дуугүй сонслоо
Яг үүндээ зэрэгцэн
Яриа таслан орж ирэх
Нэгэн махлаг залуу
Нилээн халсан бололтой
Нийтийг өөртөө татан
Нүдээ над руу чиглүүлэн
Нутаг усаа санасан нь илт
Нулимсаа залгилан байх шиг
Шимтэн байж залган
Ширхэгээр зөөж үг дугарч
Үнэн сэтгэлээсээ хүүрнэлээ
Үзсэн амьдралаа дурслаа
Дүү нь одоо гучтай
Дөрвөн жил болж байна
Дөнгөж энд ирээд
Зөндөө будилж билээ гээд
Таних мэдэх хүн үгүй
Тас харанхуй л буусан юм
Угтаад тосох хүн үгүй
Уулзаж учрах ахан дүүсгүй
Яахаа мэдэхгүй хэсэг байхдаа
Яриа хэл ойлголцохгүй зүдэрч
Нилээн хугацааны дараа
Нэгэн нутгийн ахтай тааралдсан юм
Арга учраа олвол
Амархан амьдрах газар
Хэл усаа мэдвэл
Хэцүү зүйл үгүй билээ
Хэлж ярьсанаар нь гүйж
Хямд машин олж аваад
Хүссэн ажилаа ч олж хийлээ
Оройн цагаар пицца зөөгөөд
Овоо л зүгширч байв
Олох мөнгөө хараад
Онгирох боллоо
Олон найзуудтай танилцаж
Хөөрцөглөлөө
Халамцуу машин барьж
Хөдөлгөөнд хурд хэтэрүүлж
Хоёр нүдэнд давхарлах
Хоосон талаар өгсч
Хорвоог орхих
Хий замаар хийсч ороод
Харин азаар бүгд амьд
Хийсэн хэрэг ойлгомжтой
Шоронд сууж шөнийн бодол
Шороо хүсч өдрийн тэвчээр
Гарах үгүйгээ мэдэхгүй
Гутралд автан
Гянданд олон сар болж
Хэргийн төлөө
Хэрхэн шийтгэгдэхээ мэдэхгүй суухдаа
Хэл гэдгийг ч харин
Хараал ерөөлгүй сурсан даа
Гэнэт орсон шигээ
Гэгээн нарандаа гарсан юм гэж яриад
Санаа жаахан алдах тэр
Сархадаа өргөөд давуулж орхилоо
За одоо болсон гэх нь
Засарч хүмүүжсэн гашуун сургамж
Зүрхэнд нь орж
Зүүднээс нь ч холдоогүй бололтой
Ахиад ганц юм, ахыг дайлах
Америкийн идээ гээд
Араасаа гарган ширээн дээр тавих
Өөрийгөө Баагий гэж танилцуулсан
Өндөр ч биш, нам ч биш
Өргөн ч биш, туранхай ч биш
Боовон чих Баагий
Барилддаг Баагий гэж
Бусдад түүнийг дуудахыг бодоход
Бөх болох нь илэрхий байв
Хөнгөн жингийн хөл Баагий
Хуу хамдаг хулгар Баагий гэх тэр
Дэлхийн тэмцээнээр энд ирж
Дэргэдэх нөхдөөсөө сугарч үлджээ
Эр хүн болсноо монголдоо гайхуулж
Эрдэнийн медалиар эх орноо чим гэж
Дасгалжуулагч багшаараа түшүүлэн
Дархан бөхийн цолыг өргөх гэж
Даваанд торойж
Давхар мэхээрээ гайхагдаж
Дэлхийд монгол улсаа
Дуурсгах гэж ирсэн бөлгөө
Даахь нь гүйцсэн хүүгээ
Даваад ирээрэй гэхэд
Даллаад ч ирэхгүй
Далдын хүчинд автсан нь энэ буй
Сайхан нэрийг олж
Соёмбоо өндөрт өргүүллээ ч
Санаанд хүрэх тэнүүн амьдрал
Сэтгэлд хүрэх хөгжил алга
Залуу хүний амьдрал ардаа
Зүүдээ бодит болгох
Завшааныг олж сонгосонд нь
Зөв өгч суухдаа би
Сонгосон боломжоо дутуу ашиглаагүй залууг
Дөчин мянган доллар
Дөнгөж хоёрхон жилд
Цүнхэлж амжсан гэхэд
Цочирдож би суухдаа
Арай хэтрүүлчихэв үү гэж
Ам ангайсангүй
Аясыг нь чагнан байсан юм
Айхтар хүү байна тэр
Баргын зүйлд эхлэж дугарахгүй
Байсхийгээд л монголоо асуугаад
Илт байна тэр
Их хол явна даа гэж бодоод
Дэвтэрээ ч хаалаа.
profile